Аяллын тухайд

One fifth Avenue
6 min readFeb 4, 2022

--

Photo by Thomas Roger Lux on Unsplash

Бүгд Найрамдах Солонгос Улс. Хятадаар хальтхан дайрсныг эс тооцвол Монголынхоо хилийг давж хөл тавьж үзсэн анхны минь улс. (хоёрдох, гуравдах гээд явна гэж найдаж байгаа, цаг сайхан болохоор) Зуун мянга хүрэхгүй хүн амтай жижигхэн аймгаасаа гараад оюутан болж Улаанбаатарыг зорьж байсан би анх удаа онгоцонд сууж, улсынхаа нийслэлийн дээгүүр нисч үзсэн тэр өдөр саяхан мэт санагдана. Саяхан мэт санагдаж байгаа ч хэдийнээ 7 жил гэсэн урт хугацаа өнгөрчээ. Солонгос гэхээр Монголчууд маань ихэнхдээ “ажил хийхээр очдог газар, Монгол хүн бүрийн амьдралдаа заавал нэг очиж үзчихсэн байдаг газар” гэх нь олон байдаг болохоор аяллын маршрутын хувьд нэг их сонирхолтой газар биш байж магадгүй. Харин миний хувьд бараг 8 жилийн өмнөх тэр аялал хамгийн анх удаа өөрийнхөө мөнгөөр (хамгийн анхны цалингийн зээлээрээ гэхүү), ганцаараа явж байсан аялал болохоор ой тойнд их тод үлджээ. Санах гээд жоохон л хичээхэд тухайн үеийн би, бүр онгоцноос буунгуут амьсгал давхцам бүгчим байсан Долдугаар сарын тэр өдөр шууд л мэдрэгдэж байна.

16 хоногийн зайтай онгоцны хоёр талын тийз. Би л аялал гээд байгаа болохоос явах шалтгаан маань 14 хоногийн сургалтанд хамрагдах байв. Онгоцны тийзийг цаанаасаа хамгийн хямд байхаар тооцоолоод захиалаад өгчихсөн. Надад бол явахдаа хэвлэж аваад, цагаа сайн хараад онгоцондоо суух л ажил байв. Ашгүй аз болж суудлаа бичүүлэх үед хаана суухыг асуусан болохоор шууд л цонхны дэргэд суухаар бичүүлсэн санагдаж байна (яг суусан эсэх дурсамж маань их бүдгэрчээ).

Улсаасаа гарч үзээгүй, дээрээс нь онгоцонд сууж үзээгүй миний сэтгэлийг зовоож байсан нэг зүйл нь Бээжингээр дамжин онгоцоо солиод, Солонгосын алдарт Инчеоны онгоцны буудал ч биш, “сураггүй” нэг орон нутгийн онгоцны буудалд буугаад ганцаараа хүрэх газар хүртлээ явах байв. Ээж байнга санаа зовоостой. Бээжингийн буудал дээр төөрчихөв, юмаа сайн бариарай, хүмүүс цүнхэнд чинь юм хийчихэв, юм аваад яв гэвэл битгий аваарай гээд зөндөө олон юм захисан. Нэг таньдаг найзынхаа дугаарыг хүртэл юмыг яаж мэдэхэв гээд өгсөн санагдаж байна. Би мэдээж залгаагүй л дээ. Өөртөө 100 хувь итгэлтэй. Онгоцны буудлын хөтөч бичгүүдийг Англиар уншаад яг дагахад л болох байлгүйдээ гээд их л итгэлтэй хариулсан. International Transfer гэсэн бичгийг дагаад яваад л байсан, яваад л байсан. Төөрөлгүйгэээр суух ёстой онгоцондоо сууж чадсандаа их л урамшив. Ингээд л төд удалгүй орон нутгийн онгоцны буудал дээр газардав.

Автобус. Энэ хэсгийн дурсамж бас их бүдгэрчээ. Санаж байгаа зүйл маань чиглэлийнхээ автобусыг олоод мөнгөө хийх гэсэн чинь арван мянган воны дэвсгэрт болохгүй гээд жолооч надруу инээгээд үнэгүй суулгаад явсан санагдаж байна. Би Солонгос хэлний А-тай байсан ч сайн уу, баярлалаагаас хэтэрдэггүй байсан үе болохоор нүдээр л ойлголцсон байж таарна.

Танилын ачаа. Таньдаг хүн явах сургаар ачаа дайна гэдэг манай улсын бичигдээгүй хууль болов уу. Анх удаа явж байгаа би ч гэсэн жишгийг дагаж арван жилийн охинд ээжийнх нь өгч явуулсан дайврыг өгөхөөр саатсан. Ачааг нь өгчихөөд таксины буудал дээр такси хүлээж зогссон дүр зураг маань харин тод харагдаж байна.

Ганцаараа хоёр хонов. За нөгөө хямдхан тийз цаанаасаа захиалж өгснөөс болоод 14 хоногийн сургалт эхлэхээс хоёр өдрийн өмнө урьтаж ирээд дотуур байранд хоёр хоног ганцаараа байх болов оо. Солонгос хэл мэдэхгүй ч гэсэн ёстой хоёр хоног ганцаараа сайхан тэнэсэн дээ. Google translate ашиглаж байгаад дугуй хүртэл түрээслэж унасан. Оюутнуудын дотуур байранд хоол идэж үзсэн. Бүх зүйл гоё санагдахын хажуугаар их атаархаж байсан байх. Их сургуулийн кампус гэж ийм гоё юм байдаг юм уу, ямар гоё цэцэрлэгжүүлэлттэй юм гээд л бодонгоо хуучин барьж байсан Самсунгаараа зогссон газар бүртээ зураг авсан. (Зураг уул нь байх л ёстойдоо, олвол edit хийж зураг оруулнаа)

14 хоногийн сургалт. Энэ хэсгийг алгасчихья. Өдөр бүр хичээлд суугаад орой нь хүмүүстэй хамт хоол идээд өрөөндөө ороод унтчихдаг байсан . Өөр өөр улсын хүмүүстэй нэг танхимд хичээллэж байгаа маань анхных байсан болохоор маш шинэ мэдрэмж, туршлага байсан. Өө бас хажуугаар нь өөрийнхөө Англи хэлийг бусадтайгаа харьцуулж үе үе сэтгэлээр унаад л, бас анх удаа ганцаараа улсаасаа гарсан гэхэд насны хувьд нэлээд оройтсон туршлага шиг санагдаад үе үе гунигладаг байсан.

Анхны далай, анхны Starbucks. Солонгост ирснийх хичээл сонссоор л буцвал болохгүй гээд хоёр багт хуваагдаж байгаад аялахаар болов. Манай багийн сонгож авсан нь далайн эргийн хот Бусан. Хурдны галт тэргээр хоёр цаг сүнгэнээд л очих газар байв. Чадах хэмжээгээрээ цалингийн зээл аваад хуруу, хумсаа тоолоод ирсэн миний хувьд KTX их л үнэтэй санагдсан даа. Гэлээ ч олныгоо дагахаас өөр арга байгаагүй. Хэрэв ганцаараа байсан бол аягүй бол энгийн галт тэргэнд л суух байсан байх. Долдугаар сар байсан болохоор далайн эргийн хажуугаар үнэндээ хөл тавих зайгүй их хүнтэй байсан. Хүн ихтэй байснаас болоод одоо санаж байгаагаар бараг 10 хүрэхгүй минут л эргийн хажууд саатсан санагдана. Далай харж буй би, далай дэргэд минь байна гэсэн бодолд л аз жаргалын даавар ялгарах шиг болсон (дараа нь би Бусан очсон боловч анх очсон эрэг яг аль эрэг нь байсныг огт санахгүй байсан. Хамгийн алдартай нь болохоор Haeundae эрэг байсан болов уу гэж тааж байна). За тэгээд бас хүмүүс сонсоход инээдтэй ч алдарт Starbucks-аас анх удаа кофе захиалан авч үзэв. Cafe Latte. Тэр үед сүүтэй кофенд дуртай байжээ. Одоо бол үргэлж л Americano. Сүүтэй юм уухаар дараа нь дотор тухгүй мэдрэмж төрөөд байдаг болсон байна лээ.

Сөүл. Бусанд нэг хоночихоод төлөвлөгөөний дагуу буцаад сургууль руугаа явах ёстой байв. Би харин Солонгост ирчихээд Сөүл орохгүй байна гэхээр хайран санагдаад хамт хичээл сонсож байгаа нэг охин Сөүл орчихоод ирнэ гэхээр нь дагаад явчихсан. Очсон газар бүр маань их тод санагдаж байна. Тэр Солонгос охин нэг өдрийн дотор Сөүлийн хамаг гоё газрыг түүгээд үзүүлчих шиг санагдсан. Алдарт Ганнам дүүрэгт байдаг Park Hyatt зочид буудлын хамгийн өндөрт нь гарч зураг авахуулаад, Insaedong буудалтай ойрхон байдаг Солонгосын гар урлалын захаар хэсч зураг авахуулаад, сүүлд нь автобусны том буудал дээр байдаг Sinsaegae их дэлгүүрээр оров. Moleskine-ийн дэвтэрт нүд унаад нөхцөл байдалдаа тохироогүй арай л өндөр үнээр нэг тэмдэглэлийн дэвтэр авчихсан байдаг. Тэгээд ядарсан хоёр хүмүүс жижиг хот руугаа явах автобусандаа суусан даа. Амралтын хоёр өдрийн маш гоё ядралт.

Халуун бороо. 7 сар Солонгосын хамгийн халуун, чийглэг сар байх. Цэлмэг тэнгэр, сэвэлзээ салхины орны иргэн миний хувьд анх удаа тийм чийглэг, тийм халуун агаарыг мэдэрч байгаа нь. Монголынхоо тэнгэр, салхийг хаа ч явсан их санах юм байна гэдгээ тэр үед л мэдрэв. Монголын үнэртэй салхи гэж зүгээр ч нэг дуу биш байсныг ойлгов. За энэ мэтийг бодон хэвтэж байтал гэнэтхэн бороо шаагин оров оо. Монголд бороо орохоор сэрүү татаад сайхан байдаг шиг санаад баярлаад гүйгээд гарчихсан. Тэгсэн… дэлхий ертөнц маань бүхэлдээ халуун усны газар болчихсон мэт байв. Амьсгалж ч чадахгүй, амьсгаа минь давхцав. Ямар азаар маск зүүдэггүй байсан юм бэ. Тэгээд аанхаа, эндхийн бороо бол миний хүсдэг бороо биш юм байна гээд гунигтайгаар өрөөгөө зүглэсэн. Тэр өдрийн дараагаар үргэлжлүүлэн хоёр өдөр битүү бороо ороод, хамаг хувцас, өөрөө чийг даасан. Тэр бол тийм ч гоё мэдрэмж байгаагүй.

Харих зам. Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах өдөр болов. Орон нутгийн онгоцны буудлаас Бээжингийн буудал, тэгээд Буянт Ухаа. Бээжингийн онгоцны буудалд дээр их л хөгтэй, дурсамжтай юм болсондоо. Тэрийгээ дурсамжиндаа үлдээлээ. Базаж хэлбэл, Хятадад хятад хэл мэдэхгүй бол нээх ганцаараа гараад явчихаж боломгүй л юм байна лээ шүү (8 жилийн өмнөх явдал л даа, одоо бол iTranslate гээд өчнөөн апп, бас Хятадууд маань ч Англи хэлээр ярихдаа төвөгшөөхөө больсон байлгүй) Дамжин суух уртаас урт 30 цагийг ном уншаад өнгөрүүлчихсэн. Цурам ч хийгээгүй. Айдастай байсан болохоор тэр байх.

Ингээд 16 хоногийн аялал, ээлжийн амралт маань ч дуусав. Цалингийн зээл авчихсан хүн чинь бушуухан ажилдаа шамдан орох хүсэл, бас түүний хажуугаар энэ аяллын дараа өөр маш их хүсэл мөрөөдөлтэй болсон. Дахиж заавал ирнэ гэж бодсон бодлоо хоёр жилийн дотор биелүүлсэн байж билээ. Түүнээс хойш ер нь бодож явбал бүтдэг гэсэн үгэнд бат нот итгэдэг болсондоо.

Солонгост хэд хэдэн удаа ирсэн ч анхны энэ аялал шиг сэтгэл хөдлөл, догдлолыг мэдрээгүй. Харин ирэх бүрт мэдрэгддэг мэдрэмж бол их дотно, дулаахан мэдрэмж. Аялах гэж биш амьдрах гэж ирж байгаа мэдрэмж. Магадгүй анхны энэ аялал шиг мэдрэмжийг хэл усыг нь мэдэхгүй, огт танихгүй өөр хотод очвол дахин мэдрэх болов уу. Надад ч тэгж мэдрэх боломжтой маш их хот байна даа. Яг одоо очихыг хүсч буй хот Нидерландын Амстердам.

Бэнжамин Франклины “Either write something worth reading or do something worth writing” гэсэн үг сэтгэл их холгох юм даа. За ямартай ч хэрэв та энэ хүртэл уншсан бол уучлаарай бас баярлалаа. Өнөөдөр бие, сэтгэл хоёулаа өвдөв.

2022.02.04

--

--

One fifth Avenue
One fifth Avenue

Written by One fifth Avenue

Бодлын гудамж, мэдрэмжийн тэмдэглэл.

Responses (2)